Sunday, October 26, 2008

Үлгэр: Улсаа Удирдах Шилдэг Арга

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Формоса, Шихү, 1995 оны 10-р сарын 15,

Видео хуурцаг #502

Эртний Хятадын Сүн гүрний үед Хүй Нэн гэгч нэгэн билэг ухаантай, оюунлиг мэргэн бясалгагч байжээ.

Нэгэн удаа тэрээр Сүн улсын эзэн хаанд өөрийн хүндэтгэлийг илэрхийлэхээр явжээ. Эзэн хаан түүнийг ихэд халуун дотно хүлээн авч, улмаар түүнд хандан “Би, зөвхөн дайчин, эр зоригтой хүмүүст дуртай. Харин зөв сайныг номлогчдод дургүй. Танд намайг гэгээрүүлчихмээр зүйл байна уу” гэж яаравчилан асуужээ.

Багш: Сүнгийн эзэн хаан юу нь чухам зөв сайныг үл бодолцон гагцхүү хүч чадлыг эрхэмлэдэг болохоо маш тодорхой илэрхийлжээ. Түүнд өөр хэн юу нэмж хэлэх билээ дээ. Ямартаа ч иймэрхүү захирагчдыг илүүд үзэх хүмүүс бас байдаг шүү дээ. Эртний хүмүүс их тэвчээртэй байжээ. Та нар ийм байж чадах уу? Би л лав иймэрхүү хүмүүстэй уулзахаар очихгүй (Багш инээв). Надад лав тэвчээр дутна.

Тэгээд эзэн хаан “Та намайг юугаар гэгээрүүлж чадах вэ” гэж их боловсон байдлаар асууж гэнэ. Бид түүнд өөрсдийн “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр” номын нэг ботийг өгөх хэрэгтэй юм байна даа /Инээлдэцгээв/.

“Надад маш онцгой ид шидийн чадвар бий. Энэхүү хүчийг олсноор таны дайсан хэдий аймаар байвч түүний сэлэм биеийг тань нэвтэлж эс чадна, мөн тэрээр хэр хүчтэй, догшин байсан ч тэр танд хүрч эс чадна” гэж Хүй Нэн хариулаад “Эрхэм дээдэс минь та ийм ид шидийн хүчийг олмоор байна уу” гэж асуужээ.

“Хөөх! Би дуртай байлгүй яахав. Би эзэмшмээр байна. Би ийм ид шидийн хүчтэй байхыг хүсэж байна” гэж эзэн хаан хариулжээ.

Хүй Нэн тэгэх тусам нь түүнийг улам хорхойсуулж: “Хэдийгээр тэд танд хүрч юм уу таныг хатгаж дөнгөхгүй ч та өөрөө доромжлол басамжлаар зовох болно. Энэ тэгэхээр бас л хангалтгүйяа даа”. /Багшийн тайлбар: Хүй Нэн эзэн хааныг эхлээд анхдагч жижиг ид шидийн хүчээр татах гэж оролдоод, дараа нь түүнд илүү дээгүүр түвшний үнэнг сургах гэж байна/ “Надад дайснаа дарах өөр нэг ид шид байгаа, энэ нь юу гэхээр дайсан тань хичнээн их зоригтой байлаа ч таныг харуут эмээх болно. Энэ нь илүү дээр биз дээ. Тэгэхээр Эрхэм Дээдэс та үүнийг хүсэж байна уу”. Мэдээж энэ ид шид маш таалагджээ. Хүй Нэн үргэлжлүүлэн: “Хэдийгээр дайснууд Эрхэм Дээдэс Танд муу юм хийж чадахгүй ч энэ нь тэд Танд муу юм хийхийг хүсэхгүй гэсэн үг биш. Магадгүй, тэд бүр маш их хүсэж байж ч болох, даан ч чадахгүй л дээ. Надад бас нэг өөр ид шидийн чадал байна аа. Энэ нь дайснуудын алах ч юм уу халдах гэсэн муу санааг сарниулах хүчтэй юм. Эрхэм Дээдэс Та энэ идийн хүчийг болгоож байна уу”. Багш: Та нар үүнийг болгоох уу үгүй юу? Та нар нэг л дуугай байх чинь. /Багш болон бүгдээр инээв/. Надад иймэрхүү ид шид байхгүй, надаас иймэрхүү ид шидийн хүчийг битгий хүлээгээрэй. Миний хамгийн гол ур чадвар бол Гуань Ин арга юм.

Мэдээж эзэн хаан үүнд ихэд дуртай байсан ба “Би үүнийг ойлгож байна. Үнэхээр шүү. Би илүү ихийг мэдмээр байна. Хэлж өгөөч”.

Заа тэгээд Хүй Нэн хэлжээ. “Тэгэхээр одоо тэдгээр хүмүүс алах эсвэл муу зүйл хийхийг хүсэхгүй боллоо, тэгэвч тэд Таныг хүндэтгэж, Танд туслана гэсэн үг биш ээ. Миний бас өөр нэг ид шидийн хүч бол хүмүүсийн хар муу санааг арилгаж, Таныг хүндэтгэн, Танд туслуулах эрдэм юм. Эрхэм Дээдэс та үүнд дуртай байх уу”.

Хөөх гэж уулгалан эзэн хаан өөрийгөө барьж ядан байв. /Багш болон бүгд инээлдэв/. Тэрээр өөрийн хаан суудалдаа тогтож ядан байж, бууж очоод Хүй Нэний мутрыг атгаад авмаар байв. “Алив хурдан хэлээд өгөөч! Хурдан яриач!” гэж тэр байж ядан айлджээ.

“Миний энэ ид шидийн хүчээр Эрхэм Дээдэс Таныг харсан эр эм боловч Танд дуртаяа туслаж, чин сэтгэлээсээ Таныг хүндэтгэж хайрлах болно. Ингэснээр Эрхэм Дээдэстэн хүчирхэг болоод зогсохгүй мөн мэргэн цэцэн, сайн санаат буянтан болох болно. Тиймээс энэ сүүлийн хүч бол миний дурдсан бусад хүчнүүдээс хамгийн дээд нь юм. Энэхүү хүчийг Эрхэмсэг Эзэнтэн Та яахин болгоохгүй байх билээ”.

Эзэн хаан учир зүггүй “Тэгэлгүй яахав, Би болгоож байна! Би үүнийг үнэхээр хүсэж байна!” гэж бувтнажээ.

Эцэст нь Хүй Нэн нууцаа задлаж: “Эрхэм Дээдэс Та энэхүү шидийн хүч нь Күнз болоод Моцид харъяалагддаг болохыг мэдэх үү. Күнц болон Моцийг үлгэр жишээгээ болгоно уу. Хэдийгээр тэд улсыг захирч, баян байгаагүй ч тэд бүгдийн хаан нь байсан юм. Хүмүүс тэднийг хүндэлдэг байсан. Хүн бүр хайрлаж байсан. /Багш: Тэрээр хүмүүсийн сэтгэл доторхи хаан мэт хүнийг хэлж байна. Хаан байхын тулд заавал хаан ширээнд сууж, агуу цэрэг зэвсэг, цөмийн зэвсэгтэй байх албагүй. Тиймээс өөр нэг болон Моци нь нэгэн төрлийн хаад байжээ. Тэрээр түүнийг хэлэх гэсэн хэрэг./ Тэдэнд албан ёсны хэргэм цол байсангүй, тэдэнд цэрэг байгаагүй, гэвч тэд их эзэд байсан юм”. Хүй Нэн “их эзэд” гэдгээр “Бурхныг” хэлж байна. Энэ нь хүмүүс Есүс Христийг “Ертөнцийн Эзэн” гэж өргөмжилдөгтэй адил. Хэрэв бид Санскритыг Хятад хэлэнд хөрвүүлбэл Шагжамуни Буддаг “Шагжамуни Эзэнтэн” гэж хүндэтгэн дуудна. Есүс Христийг амьд байхад шавь нар нь түүнийг “Эзэн минь” гэж дууддаг байсан. Түүнчилэн Шагжамуни Буддаг шавь нар нь “Бурхан Багш минь”, “Их Багш минь” гэж дууддаг байсан байна. Тиймээс Хүй Нэн Күнз болон Моци нь хэдийгээр цэрэггүй байсан ч хаад, эзэд байсан гэдгийг тэр хэлж байгаа юм.

Тэгээд Хүй Нэн үргэлжлүүлэн: “Тэднийг харахын тулд энэ дэлхийн нэг ч сүнс өлмий дээрээ зогсон хүзүүгээ сунгахгүй байж чаддаггүй юм даа. Хүмүүс тэднийг харахаасаа хэзээ ч залхдаггүй, бүр нүдээ ч цавчдаггүй байсан юм. Дэлхий дээрх ямар ч эр, эм хүн тэдэнтэй таараад туслахгүй, дэмжихгүй, хүндлэхгүй байж чаддаггүй байсан юм. Энэ бүгд нь зүгээр л аяндаа зүрх сэтгэлээс нь ундардаг байсан юм. Энэ дэлхийн бүх хүмүүс тэдэнд бөхөлзөж, тэднийг шүтнэ. Хүмүүс тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй, тэр бүү хэл тэдний төлөө үхэхэд ч бэлэн, тийм их хүчээр хайрлаж байсан юм”.

Багш:Хүй Нэн юу гэх гэсэн бэ гэхээр Күнз болон Моци нар хаан ширээнд суулгүйгээр хүмүүсийн хайр хүндлэлийг олж авсан юмаа. Олон хүн хаан ширээнд суусан ч хэн ч тэдэнд дуртай байсангүй. Харин ч тэднийг харааж, эсвэл хувьсгал хийн зайлуулж байсан. Тийм болохоор Та хэдий хаан ширээнд сууж хаан хэмээн өргөмжилсөн ч хүмүүс Танд дуртай эсэх нь тодорхойгүй. Харин Күнз, Моци нарт өөрийн гэсэн жаахан ч газар, эд баялаг, цол хэргэм, зэр зэвсэг байгаагүй ч тэднийг харсан хэн бүхэн хайрлаж, дэмжиж байсан. Хүмүүс тэднийг аль болох удаан харахын тулд өлмий дээрээ зогсож, хүзүүгээ сунгаж аль болох удаан харахсан гэцгээж байсан. Тиймээс “Эрхэм Дээдэс Та аль хэдийн энэ орны хаан билээ. Хэрэв одоо Күнз, Моци нарын ид шидийн хүчийг олох аваас Эрхэм Дээдэс Та эргэлзэх зүйлгүй тэр хоёроос илүү цэцэн мэргэн, ачтан буянтан болно” гэж айлджээ.

No comments: